Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 14:22-36 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Ефраимын уулархаг нутагт нуугдаж байсан бүх Израиль хүмүүс филистчүүдийг зугтаасныг сонсоод тэд ч хүртэл тулалдаанд орж филистчүүдийг гэзэг даран хөөв.

23. Ийнхүү тэр өдөр ЭЗЭН Израилийг аварч, тулалдаан Бет-авенаас ч цаашаа үргэлжлэв.

24. Тэр өдөр Израилийн эрчүүд ихэд зүдрэв. Учир нь Саул ард олныг тангараглуулан,—Оройн цагаас өмнө, намайг дайснаасаа өшөөгөө авах хүртэл хоол идсэн аливаа хүн хараагдах болтугай! хэмээн өгүүлэв. Тиймээс хэн ч хоол амссангүй.

25. Нутгийн хүмүүс бүгдээрээ ой уруу ороход тэнд газар дээр зөгийн бал байв.

26. Хүмүүсийг ой уруу ороод харахад зөгийн бал урсаж байсан боловч нэг ч хүн түүнд гар хүрч, гараа амандаа хийсэнгүй. Учир нь хүмүүс тангаргаас айж байв.

27. Харин эцэг нь ард олныг тангараглуулсныг Ионатан сонсоогүй байжээ. Тийм учраас гартаа барьсан таягийн үзүүрийг тэр зөгийн балын сархинагт хийж, зөгийн бал аван гараа амандаа хийхэд, нүд нь гэрэлтэв.

28. Тэгэхэд ардуудын нэг—Таны эцэг ард олныг хатуугаар тангараглуулан “Өнөөдөр хоол идсэн хүн хараагдах болтугай” хэмээн өгүүлсэн билээ гэв. Ард олон ядарсан байв.

29. Тэгээд Ионатан—Миний эцэг энэ улсыг ядраажээ. Би энэ зөгийн балаас жаахан идэхэд миний нүд яаж гэрэлтэж байгааг харагтун.

30. Хэрэв өнөөдөр хүмүүс дайснаас олзолсон олзноосоо дураар идсэн бол ямар ихээр гэрэлтэх байсан бол. Өдий болтол олон филистчүүд алагдаагүй байна хэмээн өгүүлэв.

31. Тэд тэр өдөртөө Михмашаас Аиалон хүртэл филистчүүдийг цохив. Хүмүүс ихэд туйлдсан байв.

32. Хүмүүс олзны юмс уруу шуналтайгаар дайрч, хонь, үхэр, тугалыг барьж, тэр газарт нядалж, тэдгээрийг цустай нь идэв.

33. Дараа нь тэд Саулд—Харагтун. Хүмүүс цустай нь идсэнээрээ ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэж байна хэмээн мэдүүлэв. Саул—Та нар итгэл эвдсэн үйлдэл хийжээ. Одоохон над уруу бул чулуу өнхрүүлж авчрагтун гэв.

34. Саул—Хүмүүсийн дунд таран явж, тэдэнд ийн хэлэгтүн “Та нар өөр өөрсдийн үхэр, хонийг над уруу авчирч, энд түүнийг нядалж идэгтүн. Цустай нь идэж ЭЗЭНий эсрэг нүгэл бүү үйлдэгтүн” хэмээн хэл гэж өгүүлэв. Ийнхүү бүх хүмүүс тэр шөнө тус бүр өөрийн үхрийг авчирч, тэнд нядлав.

35. Саул ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгов. Энэ нь түүний ЭЗЭНд зориулан босгосон анхны тахилын ширээ байв.

36. Саул—Шөнөөр филистчүүдийг хөөн явцгааж, үүр цайтал тэднийг дээрэмдэн, тэднээс нэг ч хүнийг үлдээхгүй байцгаая гэхэд ардууд—Та тааллаараа үйлдэгтүн хэмээв. Тиймээс тахилч—Энд Бурханд ойртоцгооё гэв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 14