Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 14:18-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Саул Ахиад—Бурханы авдрыг энд авчрагтун гэв. Тэр үед Бурханы авдар Израилийн хөвгүүдтэй байв.

19. Саулыг тахилчтай ярилцаж байх зуур филистчүүдийн хуаран дахь үймээн үргэлжлэн, улам ихсэв. Саул тахилч нарт—Гараа авагтун гэж хэлэв.

20. Саул болон түүнтэй хамт байсан бүх хүмүүс цуглаж, дайны талбар дээр очоод хартал филист хүн бүр бие биеийнхээ эсрэг илд зөрүүлэн тэнд маш их үймээн самуун болж байв.

21. Урьд филистчүүдийн талд байсан, тэдэнтэй хамт хуаранд ирсэн Еврей хүмүүс хүртэл Саул болон Ионатантай хамт байсан израильчуудтай хамтрахаар эргэн ирцгээв.

22. Ефраимын уулархаг нутагт нуугдаж байсан бүх Израиль хүмүүс филистчүүдийг зугтаасныг сонсоод тэд ч хүртэл тулалдаанд орж филистчүүдийг гэзэг даран хөөв.

23. Ийнхүү тэр өдөр ЭЗЭН Израилийг аварч, тулалдаан Бет-авенаас ч цаашаа үргэлжлэв.

24. Тэр өдөр Израилийн эрчүүд ихэд зүдрэв. Учир нь Саул ард олныг тангараглуулан,—Оройн цагаас өмнө, намайг дайснаасаа өшөөгөө авах хүртэл хоол идсэн аливаа хүн хараагдах болтугай! хэмээн өгүүлэв. Тиймээс хэн ч хоол амссангүй.

25. Нутгийн хүмүүс бүгдээрээ ой уруу ороход тэнд газар дээр зөгийн бал байв.

26. Хүмүүсийг ой уруу ороод харахад зөгийн бал урсаж байсан боловч нэг ч хүн түүнд гар хүрч, гараа амандаа хийсэнгүй. Учир нь хүмүүс тангаргаас айж байв.

27. Харин эцэг нь ард олныг тангараглуулсныг Ионатан сонсоогүй байжээ. Тийм учраас гартаа барьсан таягийн үзүүрийг тэр зөгийн балын сархинагт хийж, зөгийн бал аван гараа амандаа хийхэд, нүд нь гэрэлтэв.

28. Тэгэхэд ардуудын нэг—Таны эцэг ард олныг хатуугаар тангараглуулан “Өнөөдөр хоол идсэн хүн хараагдах болтугай” хэмээн өгүүлсэн билээ гэв. Ард олон ядарсан байв.

29. Тэгээд Ионатан—Миний эцэг энэ улсыг ядраажээ. Би энэ зөгийн балаас жаахан идэхэд миний нүд яаж гэрэлтэж байгааг харагтун.

30. Хэрэв өнөөдөр хүмүүс дайснаас олзолсон олзноосоо дураар идсэн бол ямар ихээр гэрэлтэх байсан бол. Өдий болтол олон филистчүүд алагдаагүй байна хэмээн өгүүлэв.

31. Тэд тэр өдөртөө Михмашаас Аиалон хүртэл филистчүүдийг цохив. Хүмүүс ихэд туйлдсан байв.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 14