Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 12:2-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Одоо та нарын өмнө алхаж яваа хаан энэ байна. Харин би өтөлж, үс минь бууралтлаа. Мөн миний хөвгүүд ч та нартай хамт байна. Би залуу наснаасаа энэ өдрийг хүртэл та нарын өмнө явлаа.

3. Би энд байна. ЭЗЭНий өмнө болон тослогдсон нэгнийх нь өмнө миний эсрэг гэрчлэгтүн. Би хэний үхрийг, эсвэл хэний илжгийг авсан бэ? Эсвэл би хэнийг хууран мэхэлсэн бэ? Би хэнийг зовоон дарлаж, хэний гараас хээл хахууль авч, өөрийн нүдийг тагласан бэ? Хэрэв тэгсэн аваас, би та нарт буцааж өгье гэв.

4. Хүмүүс—Та биднийг хууран мэхлээгүй, зовоон дарлаагүй, хэний ч гараас юу ч аваагүй гэцгээв.

5. Самуел тэдэнд—Та нар миний гараас юу ч олоогүй явдлын тухайд өнөөдөр та нарын дунд ЭЗЭН гэрч болж, ЭЗЭНий тосолсон хүн мөн гэрч болж байна гэхэд тэд түүнд—Тэр бол гэрч мөн гэцгээв.

6. Тэгэхэд Самуел ард олонд—Мосе, Аарон нарыг томилж, та нарын эцэг өвгөдийг Египетээс авчирсан нь ЭЗЭН мөн юм.

7. Тиймээс одоо босогтун. Та нарт болон та нарын эцэг өвгөдөд үйлдсэн ЭЗЭНий бүх зөв үйлсийн талаар би ЭЗЭНий өмнө та нартай хэлэлцье.

8. Иаковыг Египетэд очсон үед та нарын эцэг өвгөд ЭЗЭНд хашхирсанд та нарын эцэг өвгөдийг Египетээс гаргаж, энэ газарт суурьшуулсан Мосе, Аарон хоёрыг ЭЗЭН илгээв.

9. Гэвч тэд өөрсдийн Бурхан ЭЗЭНийг мартсанд ЭЗЭН тэднийг Азорын цэргийн жанжин Сисерагийн гарт, филистчүүдийн гарт болон Моабын хааны гарт тушаахад тэд тэдний эсрэг дайтаж байв.

10. Тэд ЭЗЭНд хашхиран “Бид ЭЗЭНийг орхиж, Баалууд болон Аштаротад үйлчилсэн учраас нүгэл үйлджээ. Харин одоо дайсны маань гараас биднийг аварч өгөөч. Бид Танд үйлчилнэ” гэж гуйсан билээ.

11. Тэгэхэд ЭЗЭН Иеруббаал, Бедан, Иефта болон Самуел нарыг илгээж, та нарыг тойрон хүрээлж байсан дайснуудын чинь гараас аварсан билээ. Тэгээд та нар амар тайван амьдарч ирэв.

12. Та нар Аммоны хаан Нахаш та нарын эсрэг ирэхийг хараад, хэдийгээр Бурхан ЭЗЭН хаан чинь байсаар атал “Үгүй, биднийг хаан захирах ёстой” гэж та нар надад хэлэв.

13. Одоо тийм учраас та нарын хүсэж сонгосон хаан энд байна. Харагтун, ЭЗЭН та нарын дээр хааныг тавив.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 12