Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

1 Самуел 10:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Самуел савтай тос авч, Саулын толгой дээр цутган, түүнийг үнсээд,—ЭЗЭН Өөрийн өвийн захирагч болгон чамайг тосолсон бус уу?

2. Чи өнөөдөр надаас салж явахдаа Бениамины нутагт Зелза дахь Рахелын булшны дэргэд хоёр хүнтэй уулзана. Тэд чамд “Чиний хайхаар явсан илжигнүүдийг олсон билээ. Харагтун, чиний эцэг илжигнүүддээ санаа зовохоо болин «Би хүүгээ яаж олох вэ?» гэж асууж, та нарын араас санаа зовж байна” гэж хэлэх болно.

3. Чи тэндээс цааш явж, Таборын царс мод хүрэхэд, тэнд Бетел дэх Бурхан уруу явж буй гурван хүнтэй уулзана. Нэг нь гурван ишиг, нөгөө нь гурван талх, гурав дахь нь нэг тулам дарс авч явж байгаа.

4. Тэд чиний мэндийг асууж, чамд хоёр талх өгнө. Чи гараас нь талхыг авна.

5. Дараа нь Филистийн харуулын анги байрладаг, Бурханы даваанд чи хүрнэ. Чамайг тэнд хотод ирмэгц, түрүүндээ ятга, хэнгэрэг, бишгүүр, хуур хөгжим дуугарган, мөргөлийн өндөрлөгөөс бууж байгаа хэсэг эш үзүүлэгчид чамтай уулзана. Тэд эш үзүүлцгээх болно.

6. Тэгэхэд ЭЗЭНий Сүнс чиний дээр хүчтэй бууж, чи тэдэнтэй хамт эш үзүүлж, өөр хүн болж өөрчлөгдөнө.

7. Эдгээр тэмдгүүд чамд ирэхэд, юу дуртайгаа үйлдэгтүн. Учир нь Бурхан чамтай хамт байна.

8. Чи надаас түрүүлж Гилгал уруу уруудна. Харагтун, би шатаалт тахилууд болон эвийн тахилуудыг өргөхөөр чам уруу уруудаж очно. Намайг чам уруу очтол чи тэнд долоо хоног хүлээнэ. Би чиний хийх бүгдийг зааж өгнө гэж хэлжээ.

9. Саул Самуелыг орхин салж явсан тэр үед Бурхан Саулын зүрхийг өөрчлөв. Тэдгээр бүх тэмдгүүд тэр өдөртөө биелэгдэв.

10. Тэд нөгөө даваанд хүрэхэд хэсэг эш үзүүлэгчид түүнтэй тааралдаж, Бурханы Сүнс түүний дээр хүчтэй буусанд тэр ч тэдний дунд эш үзүүлэв.

11. Саулыг урьдаас мэддэг бүх хүмүүс түүнийг одоо эш үзүүлэгчидтэй хамт эш үзүүлж байхыг хараад өөр хоорондоо—Кишийн хөвгүүнд юу тохиолдов? Саул бас эш үзүүлэгчдийн нэг гэж үү? гэлцэв.

12. Тэнд байсан нэгэн хүн—Тэдний эцэг нь хэн бэ? гэв. Тийм учраас—Саул ч бас эш үзүүлэгчдийн нэг гэж үү? гэдэг хэллэг гарчээ.

бүрэн бүлгийг уншина уу 1 Самуел 10